МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Манай сургууль анх 2003 онд 16 сурагч, 10 багштай үйл ажиллагаагаа эхэлж байснаас хойш хамт олон маань өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хичээн зүтгэж, улс орны боловсролын салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан 10 гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд сургуулийн маань үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, эдүгээ 500 гаруй шавь нартаа бүрэн дунд боловсрол эзэмшүүлж амьдралын их далайд үдсэн байна. Миний бие Архангай аймгийн Багшийн сургуулиас ажлын гараагаа багшаар эхэлж, түүнээс хойш хичээлийн эрхлэгч, захирлаар боловсролын салбарт нийт 30 гаруй жил ажиллаж, өөрийн хөдөлмөрөө ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлж төлөвшүүлэх, ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах өндөр мэдлэг чадвартай иргэдийг бэлтгэн гаргахад зориулан явж байна. Энэ он жилүүдэд нэг баг хамт олон болон ажиллаж ололт амжилтыг хамтран бүтээлцсэн нийт багш нар, бидэнд итгэл хүлээлгэсэн эцэг эхчүүд, үе үеийн шавь нар та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил амьдралд тань сайн сайхныг хүсье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Захирал Б.Одгэрэл /Боловсролын тэргүүний ажилтан/